Алгоритм гэж юу вэ?
Алгоритм гэдэг нь нэг үгээр хэлбэл тодорхой нэг төлвөөс зорилгодоо хүрэх хүртлэх Арга зам (алхмуудын дараалал) юм. Бид өдөр тутмын амьдралдаа байнга л алгоритм зохиож түүнийгээ хэрэгжүүлж байдаг. Жишээ нь зам гатлахдаа: Хэрэв ногоон гэрэл ассан байвал: Гарцаар гарна Асаагүй бол /өөрөөр улаан гэрэл асаалттай бол/ Ногоон гэрэл асахыг хүлээнэ Ногоон гэрэл асангуут гарцаар гарна... ...гэх мэтчилэн бид өөрсдөө анзаардаггүй боловч олон алгоритмууд зохиож түүнийгээ байнга л амьдралдаа хэрэглэсээр л байдаг. Бодлогоор бол бодлогын анхны өгөгдөлүүд дээр үйлдлүүдээ дэс дараагаар хийгээд хариуг олох тэр алхмуудын дараалал гэж ойлгож болно. 36:2+(45-39)*8=? илэрхийллийг бодохдоо 1. 45-39=6 2. 36:2=18 3. 6*8=48 4. 18+48=66 гэсэн дарааллаар бодно.
Дурын a:b+(c-d)*e=? Илэрхийллийн хувьд дээрх үйлдлийн дараалал биелэх бөгөөд алгоритм нь: 1. c – d = ? /х гэе/ 2. a : b = ? /у гэе/ 3. х * e = ? /z гэе/ 4. у + z = ? /Бодлогын хариу/ дээрх жишээ нь алгоритмын хувьсагчийн утгуудын a=36; b=2; c = 45; d=39; e=8; байх тохиолдол дахь бодолт болж байна. Алгоритмын үндсэн зорилго нь бодлого бодох хамгийн хялбар арга замыг эрэлхийлэх, түүнд тохирсон үндсэн томъёоллыг тодорхойлход оршино. Алгоритмын чанарууд a. Дискрет чанар: Алгоритм нь өмнөх алхмуудын утгаар тодорхой дүрмийн дагуу дараагийн утгыг олох тусдаа алхмуудаас бүтнэ. b. Тодорхой байх чанар: алгоритмын үйлдэл бүр нь тус тусдаа утгатайгаар ойлгогддог гүйцэтгэгч нь тэдгээрийг ялгаж ойлгодог байх. c. Төгсгөлөг байх чанар: Алгоритм нь тухайн өгөгдлөөс хамааран хэдэн ч алхамаар эцсийн зорилгодоо хүрч болох боловч алхам нь төгсгөлөг тооны байна. d. Үр дүнтэй байх чанар: Алгоритмыг биелүүлхэд заавал тодорхой үр дүн гардаг байх ёстой e. Нийтлэг чанар: Алгоритм нь тухайн нэг төрлийн бүх өгөгдөлд хүчинтэй байна. Алгоритмын үндсэн үйлдлүүд: a. Зарлах үйлдэл : Тухайн алгоритмд ямар ямар хувьсагчууд ашиглахыг тодорхойлж зарлаж өгнө. b. Утга оруулах үйлдэл : Алгоритмын эцсийн зорилго болох утгыг олход мэдээж эхлээд тодорхой хувьсагчуудын утгууд мэдэгдэж байх ёстой бөгөөд тэдгээрийг алгоритмд утга оруулах алхамыг ашиглан оруулж/тодорхойлж/ өгнө. c. Утга олгох үйлдэл : Алгоритмд аливаа үйлдлийг хийгээд үр дүнг нь хувьсагчид хадгалдаг. Тухайн хувьсагчид утга олгох үйлдлийг хэлнэ. d. Хэвлэх үйлдэл : Хэрэгтэй хувьсагчийн утга, тайлбар, алгоритмын үр дүнг харуулахад ашиглана. e. Нөхцөл шалгах үйлдэл : Ямар нэг нөхцөл биелэх эсэхээс хамааран ямар нэг үйлдэл хийх эсэх, 2 үйлдлийн алийг хийхээ шийддэг тохиолдолд ашиглана. Алгоритмын ангилал: Алгоритмын үйлдлүүдийн биелэх дараалал, тооноос хамааран шугаман, салаалсан, давталттай гэж 3 ангилна. f. Шугаман : Алгоритмын бүх үйлдлүүд зөвхөн нэг удаа биелэдэг. g. Салаалсан : Ямар нэгэн хувьсагчийн утгаас хамаарч 2 үйлдлийн аль нэгийг хийдэг. h. Давталттай : Өгөгдлийн утгаас хамааран нэг үйлдэл нэг болон түүнээс олон удаа давтагддаг алгоритмыг хэлнэ. Алгоритмыг дүрслэх: Алгоритмыг дараах хэлбэрээр дүрсэлдэг. a. Ердийн харилцааны хэлээр: Хүмүүсийн ердийн харилцааны хэл ашиглан алгоритмын алхмуудыг тайлбарлан бичдэг. /Дээр зам гатлах алгоритмыг энэ хэлбэрээр дүрслэв./ b. Блок схемээр: Геометрийн дүрсүүд алгоритмын өөр өөр үйлдлийг илэрхийлэх бөгөөд тэдгээр дүрсүүд дотор тухайн дүрсэд харгалзах үйлдлийг математикийн томъёоллоор бичиж өгдөг. /Үүнийг цаашид дэлгэрэнгүй тайлбарлана.
0 comments:
Post a Comment